Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуульд хэрэгжүүлж буй олон улсын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар танилцлаа.
Боловсрол цогцолбор сургуульд энэ хичээлийн жилд 83 бүлгийн 2771 хүүхэд боловсрол эзэмшиж байгаа бөгөөд 191 багш ажилтантай юм. Улсын хэмжээнд математик, физикийн хичээлээр дээгүүр үнэлэгддэг бол ЭЕШ-ын гүйцэтгэл дунджаас дээгүүр үнэлэгдэж, Pearson олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь багш болон сурагчдын талархлыг хүлээж, сургалтын чанарт мэдэгдэхүйц нөлөөлж буй талаар тус сургуулийн захирал Б.Буянхишиг танилцуулав.
Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн байрууд нь анх байгуулагдсан цагаас хойш их засварт ороогүй бөгөөд нийт 2 орчим тэрбум төгрөгийн их засвар хийх шаардлагатайг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн танилцуулснаар ирэх 2024 оны улсын төсөвт хичээлийн I байр буюу 66-р сургуулийн дотор сантехник, халаалтын шугамын их засварын ажлуудыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан дүүрэгтэй хамтран шийдвэрлэхээр боллоо.
Энэ үеэр боловсролын багц хууль, салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх, багш бэлтгэх болон үнэлгээний тогтолцоо, сургуулийн өмнөх, бага, дунд болон дээд боловсролын бодлогын шинэчлэл, насан туршийн боловсрол, боловсролын санхүүжилт зэргээр багш нартай санал солилцлоо. Уулзалтын үеэр багш нарын цалин, нийгмийн хамгаалал, сургуулийн менежментийг сайжруулах зорилт, боловсролын багц хууль гэсэн багц сэдвээр мэдээлэл өгч асуултад хариуллаа.