Мөнгөн хонхны дуу цангинаж, эрдмийн их өргөө ирээдүйд эх орноо хөгжилд хөтлөх хүүхэд багачуудаа хүлээн авч, хичээлийн шинэ жил эхэллээ.
Өнгө, өнгөөр алаглах цэцэг барин ангийн багшаа зорих хүүхэд багачууд, найз нөхөдтэйгээ гүйлдэх хөөрхөн охид, хөвгүүд, сургуулийн босго анхлан алхаж буй биенээ гайхан харах зургаан настнууд, эцэг эхийнхээ гараас хөтлөн алхах бяцхан хүүхдүүд Монгол Улсын ирээдүй билээ. Жил бүрийн есдүгээр сарын 1 хэмээх энэ л өдрийг улс даяараа баяр жаргалаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эрдмийн их өргөөний эзэд чуулсан энэ өдөр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ИТХ-ын дарга Т.Отгонболд болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд сургууль цэцэрлэгийн нээлтэд зочилж, хүүхэд багачууд, сурган хүмүүжүүлэгч багш нар, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Нээлтээр Эзэн Чингис хааныхаа эш хөргийг хүндэтгэн залж, авьяаслаг сурагчдын тоглолт, мөнгөн хонхны жингэнэх дуунаар эрдмийн өргөө үүд хаалгаа дэлгэн, их өргөөний эздээ хүлээн авлаа.