'; Боловсрол цогцолбор сургууль » Багануур дүүргийн боловсрол цогцолбор сургуулийн товч түүхээс

Багануур дүүргийн боловсрол цогцолбор сургуулийн товч түүхээс

2011 оны 11 дүгээр сарын 29.

Хөмрөг үүсгэгч байгууллагын түүх

            Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг болох Нүүрэнтэйн талд Багануурын  их уурхай үүсэн байгуулагдаж шинэ бүтээн босголт эхэлсний улмаас ерөнхий боловсролын сургууль үүссэн  түүхтэй.

Анхны бага сургууль 1978 оны 07 дугаар сард Төв аймгийн харъяа Бага гүн нуурын дэргэд эсгий гэрт байгуулагдан эрхлэгчээр нь Энэбиш гэдэг хүн ажиллаж байжээ. Дараа нь 09 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотын Налайхын Ардын боловсролын хэлтсийн харъяа болсон. 10 дугаар сарын 01-нд бага сургуулийн эрхлэгчээр Г.Самбуу томилогдон ирсэн байна. 1978 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 25 хүүхэдтэй цэцэрлэгийн нэг анги нээгдэж:

  • Сургууль цэцэрлэгийн эрхлэгч – 1
  • Бага сургуулийн багш – 2
  • Цэцэрлэгийн багш – 1
  • Нярав – 1
  • Сахиул – 1
  • Галч цэвэрлэгч – 2
  • Угаагч – 1
  • Асрагч – 1
  • Тогооч – 1, бүгд 11 орон тоотой, 78 сурагчидтай 6 гэрт хичээллэж байжээ.

 Багануур районы Бага сургуулийг 1979 оны 08 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотын АДХГЗ-ны шийдвэрээр 8 жилийн сургууль болгон өргөтгөжээ.

1980 оны 02 дугаар сард Улаанбаатар хотын АДХГЗ-ны шийдвэрээр Багануур дүүрэгт анхны 10 жилийн сургуулийг нээн хичээллүүлэхээр болжээ. Шинэ сургууль нь Багануур дах Зөвлөлтийн 6 дугаар сургууль хичээллэж байсан бранкын байранд 1980 оны 09 дүгээр сарын 01-нд захирал-1, хичээлийн эрхлэгч-1, багш-18, ажилчид-7, нийт 27 орон тоотойгоор, 590 гаруй сурагчидтайгаар үйл ажиллагаагаа эхэлжээ.

Багануур дүүрэг өргөжин хөгжихийн хэрээр суралцагчдын тоо өсч 1989 онд Зөвлөлтийн барилгачдын хүчээр 10 жилийн 66 дугаар сургууль ашиглалтад оржээ. 

            1992 оны 01 дүгээр сард Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцсан учраас Орос 6 дугаар сургуулийн хичээлийн байрыг Монголын талд хүлээлгэн өгч 10 жилийн 95 дугаар сургууль нь 1992 оны 01 сарын 16-ны өдөр шинээр байгуулагдсан.

            Нуурын гэр хорооллын бага сургуулийг 1993 оноос 8 жилийн 98-р сургууль болгожээ.

      1998 оны 06 дугаар сард Азийн хөгжлийн банкны боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрөөс 10 жилийн сургуулиудыг бүтэц, орон тооны өөрчлөлтөд оруулах төслийг хэрэгжүүлэхэд тухайн үед дүүргийн Боловсрол хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан Ш.Оюунчимэг ажлын хэсэг байгуулан Багануур дүүргийн 10 жилийн 64,66,95 дугаар сургууль, 8 жилийн 98 дугаар сургуулиудыг нэгтгэн Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/129 дүгээр захирамжаар 1998 оны 07 дугаар сард “Боловсрол” цогцолбор сургуулийг үүсгэн байгуулж 140 бүлэгт 5069 хүүхэд суралцан, 180 багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байжээ.

            Нийслэлийн Засаг даргын 2010 оны 464 дүгээр захирамжаар Боловсрол цогцолбор сургуулийг 2 цогцолбор сургууль  болгон зохион байгуулснаар одоо хичээлийн 3 байранд 88 бүлэг, 2565 сурагч хичээллэж, 7 удирдах ажилтан, 140 багш, 49 техник үйлчилгээний ажилчид, нийт 196 ажиллагсадтайгаар ердийн болон гүнзгийрүүлсэн, мэргэжлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

            Ийнхүү 8 жилийн ганц сургуулиар шаваа тавьсан Багануур дүүргийн сургууль нь 10 жилийн хэд хэдэн сургууль, цогцолбор болон бэхжиж, дүүргийнхээ үр хүүхдийг сургаж хүмүүжүүлсэн эрдмийн их өргөө болжээ.

Байгууллагын анх байгуулагдсан, өөрчлөн зохион байгуулагдсан шийдвэрийн нэр, он, сар, өдөр

  1. 1978 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Улаанбаатар хотын АДХГЗ-ны 200 дугаар тогтоолоор анхны бага сургууль байгуулагдсан.
  2. 1979 оны 08 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотын АДХГЗ-ны шийдвэрээр 8 жилийн сургууль болсон.
  3. 1980 оны 02 дугаар сард Улаанбаатар хотын АДХГЗ-ны шийдвэрээр Багануур дүүрэгт анхны 10 жилийн сургууль, 1989 оны 08 дугаар сарын сүүлчээр 10 жилийн сургууль нь 8 жилийн сургууль, 1992 онд 8 жилийн сургууль нь 1-6-р ангитай анхан шатны сургууль, 1989 онд анхны 10 жилийн сургуулийг 64 дүгээр сургууль тус тус болгосон.
  4. 1989 онд Зөвлөлтийн барилгачдын хүчээр 10 жилийн 66 дугаар сургууль шинээр байгуулагдсан. 
  5. 1992 оны 01 дүгээр сард Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцсан учраас Орос 6 дугаар сургуулийн хичээлийн байрыг Монголын талд хүлээлгэн өгч 1992 оны 01 сарын 16-ны өдөр 10 жилийн 95 дугаар сургууль шинээр байгуулагдсан.
  6. 1993 оноос Нуурын бага сургууль буюу 8 жилийн сургуулийг 98-р сургууль,
  7. 1998 онд Багануур дүүргийн 10 жилийн 64, 66, 95 дугаар сургуулиуд, 8 жилийн 98 дугаар сургуулиудыг нэгтгэн Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/129 дүгээр захирамжаар “Боловсрол” цогцолбор сургууль болгосон.
  8. 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 464 дугаар захирамжаар Боловсрол цогцолбор сургуулийг Боловсрол, Гүн галуутай гэсэн 2 цогцолбор сургууль болгон хувааж зохион байгуулсан.

Мэдээлэл оруулсан admin

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*