Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготойгоор “Би хариуцлагатай аав ээж” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд үүнтэй холбоотой сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Боловсрол” цогцолбор сургуульд зохион байгууллаа.
Сургалтыг дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нээж, Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл, Дүүргийн ГБХЗХХ ийн дарга Т.Ганзориг, Цагдаагийн хэлтсийн байцаагч ахмад А.Солонго нар оролцлоо.
Сургалтад нийт 300 орчим эцэг, эх оролцож, Гэр бүл судлаач, багш Ж.Баясгалан эцэг эхчүүдэд хүүхэдтэй холбоотой сургалтыг хийлээ.
Уг жилийн аяныг өрнүүлснээр нийгэмд эцэг, эх үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, дадал хэвшлийг бий болгоход бодитоор нөлөөлөх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.