Багануур ХК 2023 онд 45 жилийн ойдоо зориулан “АЛТАН УУРХАЙ” сэдэвт AR технологи бүхий зураг бүтээсэн. Энэхүү зургаа уурхайчдынхаа санаачлагаар Багануур дүүргийнхээ 4 сургуулийн 7 байр, 10 цэцэрлэгийн 11 байранд зориулан хэвлүүлснийг өчигдөр компанийн удирдлагууд хүлээлгэн өглөө.
AR технологиор бүтээсэн Алтан уурхай зургийг сургууль, цэцэрлэгийн багш нар сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэж, хүүхэд багачуудад дүүрэг орон нутгийнхаа тухай, Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн тухай, нүүрс хичнээн шат дамжлагаар дамжиж, хэрхэн эрчим хүч болдог талаар ойлголт мэдээлэл өгөх боломжтой юм.
Мөн дүүргийн бүх цэцэрлэгүүдэд Алтан уурхай зургийн хамт цэцэрлэгийн боловсролд зориулж бүтээсэн 13 сэдвийн, 400 гаруй агуулгатай, Монгол хэлээр тайлбарладаг, 3 хэмжээст дүрслэлтэй, 100 хувь интернетгүй орчинд ажиллах боломжтой пазл тоглоомын багц бэлэглэлээ.
Энэхүү тоглоомын багц нь эрүүл ахуйн олон улсын стандартын шаардлага хангасан, хүүхдэд аюулгүй бүтээгдэхүүн бөгөөд орчин үеийн хүүхдүүдийн суралцах арга барилд тохирсон, дэвшилтэт технологиор баяжуулсан, цоо шинэ сургалтын хэрэглэгдэхүүн юм.
Уурхайчдынхаа сэтгэлийн бэлгийг дамжуулсан компанийн удирдлагуудад сургууль цэцэрлэгүүдийн багш нар төдийгүй хүүхдүүд талархалаа илэрхийлж, урлагийн тоглолт үзүүлж, өөрсдийн хийсэн бүтээлээр бэлэг барьлаа.
Эх сурвалж:@Багануур хувьцаат компани